ТҮҮХ

ШИНИЙГ САНААЧЛАГЧ “ТАГНУУЛ” АВДРАХ

Би зүгээр л гэм зэмгүй ажилчин хүн…
Кадарын Авдрах
Ховд аймгийн төв Жаргалант сумын Рашаант багийн иргэн Кадарын Авдрах гуайн тухай цөөн үгээр бичье гэж эхлээд бодсон юм. Тэрээр өнгөрсөн зууны эхээр Ховд хотноо ирж суурьшин аж төрсөн уйгурын хотон овгийн удмын нэгэн эр дээ. Монгол улсын ардын жүжигчин, Гоо марал шагналт М.Яасай өвөөгийн ач дүү юм. Чантуугийн гудамжинд төрж өсөн бойжиж, амьдарсан тэр эдүгээ 77 настай, бүхий л авъяас чадвар, бүтээл, тэмцлээ төрөлх хот, Ховд аймаг, цаашлаад Монгол эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулсан хязгаар нутгийн олон угсаатны өнөр бүлийн бүрэн эрхт гишүүн. Уйгур, Монгол, Хасаг, Хятад хэлээр тэгшхэн ярьдаг Ховдын сүүлчийн уйгур хүн. Түүнтэй их эртнээс гэмгүй сайхан танил явав. 2016 оны 12 сарын 10-ны өдөр гэрт нь хүрч сүрхий удаанаар хөөрөлдөж билээ. Тэр үеийн яриа хөөрөөг бага зэрэг товчлон та бүхэндээ хүргэх нь дээр гэж үзэв. Иймээс Авдрах ахын тухай бичихээс татгалзан зөвхөн түүний нэн сонирхолтой яриаг хүргэж байна. Амьдрал нь бүхэлдээ Монгол орон, Ховдын хязгаар, Монгол, Хятад хөрш орнуудын бүс нутгийн түүх, угсаатны олон бүлгийн аж төрөл, нийгэмд ноёрхож асан үзэл санааны эх сурвалж зэргийг илэрхийлэх толь гэж бодсоноос тэр л дээ. Туулсан замнал нь уран бүтээлийн хувьд авч үзэхэд бүхэл бүтэн олон ангит уран сайхны кино юм. Миний хувьд ганцхан зүйлийг хэлэхэд төрсөн эх нутаг Монгол орныхоо төлөө түүний зориулсан хөдөлмөрийг социалист засаг арай л дутуу үнэлсэн юм биш биз дээ гэж бодогддог юм. Энэ хавар түүнтэй уулзахаар хэд хэдэн удаа гэрт нь очсон боловч амжсангүй. Харин эхнэр, хүүтэй нь уулзаж энэхүү ярилцлагыг олон нийтэд хүргэх зөвшөөрөл авсан билээ. Та завтай бол залхууралгүй уншаараа.
Язгуур гарал, Ховдын уйгур нарын тухай.
Уйгур хүн уг язгуураасаа их ажилч хөдөлмөрч, өглөө босоод цайгаа уугаад хүрзээ аваад талбайдаа гардаг, орой ажлаа дуусгаад гэртээ ирдэг хүмүүс юм. Уйгурыг монгол хүмүүс чантуу нар гэнэ. Чантуу гэдэг бол Жонтоу гэдэг хятад үг юм.
Энэ нь цагаан алчуураар толгойгоо ороодог гэсэн утгатай.
Уйгур ардын дунд “Хотены хивс, Хамигийн шийгуа, Хумалийн үзэм, Хучарын хүүхэн, Аксугийн хулуу алдартай” гэсэн үг байдаг. 1921 оны орчим миний өвөг эцэг Үсүбийн (Юсүбийн) Мантесбай гэдэг хүн Ховдод нүүж иржээ. Төрсөн газар нь Хятад, Энэтхэг хоёрын хилийн ойролцоо байдаг Хотен гэдэг газар юм. Тэнд төрж өсөөд амьдрал хайгаад явсаар Алтай нурууны цаана ирээд Тойтгос гэдэг газар алт малтаж амьдарчээ. Тэр газрыг уйгураар Жангесайд гэдэг. Тэгтэл хасгийн дайн дээрэм гараад өвөг маань ганцаараа эхнэр, таван хүүхэдээ аваад Даянгаар Монголд орж ирээд явсаар Ховдод иржээ. Тэр цагт өвөг эцгээс өмнө Ховдод цөөхөн тооны уйгур хүн ирээд тариа тарьж, төмрийн дархан хийж амьдардаг байсныг дуулаад араас нь ирсэн гэдэг байлаа. Ховдод ирээд бусад уйгуруудын хамтаар Буянтын нутаг 5, 7, 8-ын газар тархан сууж тариа тарьж эхэлжээ. Буянтын тэр нутгийг манайхан Тараан газар гэнэ.
Өвөг эцэг Үсүбийн Мантесбай таван хүүтэй. Том хүү нь Аашим, хоёрдугаар хүү нь Хасим, гуравдугаар хүү нь миний эцэг Кадар, дөрөвдүгээр хүү нь Мангалаг, тав дахь отгон хүү нь Яасай. Энэ Яасай авга ах хожим Монгол улсын Ардын жүжигчин болсон хөгжмийн нэрт удирдагч байлаа. Миний эмэг эх бас Хотенд төрсөн уйгур хүн. Нэр нь Угулган гэдэг. Хүүхдүүд нь бүгдээрээ Хотены Харахаш өзен буюу Харахаш гол гэдэг газарт төржээ. Тэр таван хүү Монголд орж ирээд өсөж том болоод эхнэр авч гэрлээд 8-ын газар байшин сууц бариад амьдарсан юм. Жан цохиж байшин барина. Аашим нь Халаман гэдэг монгол эхнэр авсан. Хасим эхлээд Булганаас монгол эхнэр авч байгаад салаад дараа нь казах эхнэртэй болжээ. Кадар анх эхлээд миний ээжтэй суугаад хоёр хүү гарсан нь ах Барат бид хоёр байлаа. Дараа өөр эхнэр авсан билээ. Манглаг нь казахын найман овгийн Эрэвигай гэдэг эмэгтэйтэй суусан, 6 хүүхэдтэй, одоо 4 нь казахстанд, 2 нь Ховдод байна. Яасай нь Халида гэдэг уйгур хүнтэй суусан. Юра, Хавкер, Фарий гэдэг гурван хүүхэдтэй. Энэ ах дүү тавуулаа нас баржээ. Одоо үр хүүхэд, ач зээ нар нь үлдэв.
Миний өвөг эцгийн араас хятадын нутгаас Курнабай, Турнабай, Яахуу, Ием, Керем, Кенглей зэрэг хэдэн чантуу нар Ховдод ирцгээжээ. Тэд нар ганц ганцаараа ирсэн гэдэг. Тэдний зарим нь бас Буянтад очоод анх удаа тариалангийн газар хагалаад тариа, ногоо тарьж, цөөн хэсэг нь Ховдод сууж дархан хийх, гамбир хайрах зэрэг ажил эрхлэж орлого олох боловч гол ажил амжиргаа нь тариалан байсан. Хүрзээр эсвэл морин анжисаар газар хагална. Ингэж л Буянтад газар тариалан хөгжихөд уйгур хүмүүс гол үүрэгтэй оролцсон юм.
Тэр цагт Ховдод Хятадаас даван нүүж ирсэн казахуудын мал хөрөнгө муу байсан учир нэг уйгур эр 4-5 казах залуу дагуулаад тариалангийн ажилд сургаж өгсөн. Тэдний үр сад казахууд эдүгээ тариалан голлон эрхлэж хүнсний ногоо тариалж байгаа.
Буянт сумын төвийн урд гол дээр усан тээрэм байгуулаад чантуу нар тариа тээрэмдээд гурил татна. Тэр тээрмийн үед хэрэглэж байсан гараар зассан чулуунуудыг ачиж ирээд аймгийн захиргааны үүдэнд шат тавихад хэрэглэж байлаа. Сүүлд би нэг тээрмийн эр чулууг авч ирээд гэрийнхээ үүдэнд хадгалж байна. Эцэг дээдсийн хийсэн хэрэглэж байсан зүйл байж байг гэж бодсон юм. Тээрмийн чулуу эр, эм гэж байдаг. Тээрмийн хоёр чулууны доод талд байхыг эр, дээд талд байхыг эм чулуу гэнэ.
К.Авдрахын гэрийн үүдэнд буй Буянт голын усны урсацыг ашиглан хэрэглэж байсан усан тээрмийн чулуу
Энэ чулууг харсан ямар нэгэн уйгур хүн шууд л манайхыг уйгур айл байна гэж мэднэ. Үүнээс гадна уйгурууд гэрийнхээ үүдэнд заавал мод тарина. Би бас мод тарив. Наймын газарт уйгурууд хөвөн, үзэм тариалах оролдлого хийж байсан. Цонжоос илжгэн тэргэнд үрийг ачиж ирээд тарьжээ. Хөвөн, үзэм аль аль нь 150 хоногийн халуунд боловсорч гүйцдэг тул Ховдод 100 хоног халаад сэрүү орсон тул гүйцэт боловсорч чадсангүй гэж тариачид ярьж байлаа. Үзэм гүйцэт дэлбэрч чадалгүй үхлээ гэж хэлж байхыг сонссон. Тэр үед аймгийн музейн үүдэнд байгаа хэсэг гоёлын мод, сангийн хэрмэн дотор байгаа харгана гэхээр арай биш улаан өнгийн модлог ургамлыг чантуу нар авч ирж тарьсан юм. Эдгээр ургамал ямар ч ус хэрэглэхгүй, бас ус хичнээн ихдэвч ургаж байдаг онцлогтой байдаг. Тараан газар буюу Буянтад тарьсан тариа ногоогоо чантуу нар морин тэргээр ачаад Ховдод оруулж ирнэ. Тараа гэж уйгураар тариа гэсэн үг. Тэгээд Өөлдийн хороолол байгаа газарт байсан хятад, чантуу нарын зах дээр зардаг байлаа.
Манхан сумын нутаг Өөшийн үзүүр гэдэг газрыг анх удаа манай Яасай ахын хадам аав улаан нүдэн Уушур гэдэг хүн очиж шинжээд тариа ногоо тарьж болох газар гэж нотлоод хэдэн айл очиж тариа тарьж эхэлжээ. Тэгээд тэр газрыг Уушир гэж байснаа Өөш болсон юм. Анх тариа тарьсан газар нь тэр уйгур хүний нэрээр нэрлэгдсэн гэсэн үг.
Тэр үед Сангийн хэрмийн ар талаар казахууд, өмнө талаар нь чантуу нар суурьшиж байв. Одоогийн 36 айлын орон сууцны буйран дээр чантуу нарын гол хэсэг байлаа. Чантуугийн гудамж гэнэ. Шүүхийн хажуу талд Жанчив гэдэг хүний барьсан хоёр давхар баарны газар яг чантуу худаг байсан юм. Худаг дарагдаад дээр нь баар босов. Чантуу нартай хамт нэг гудманд хятадууд байрлана. 36 айлын уурын зуухны ормон дээр 4 дүгээр баазын 7 жилийн сургууль ажиллана. Би тэр сургуульд 1953 онд ороод 3 жил суралцав.
Бас уйгурууд дархан хийх, хувцас оёх, гамбир хайрахаас эхлээд худалдаа наймаа хийхэд гол үүрэгтэй байлаа. Нобай гэж маш сайхан гамбир хийдэг, хийсэн гамбирыг нь хүмүүс сайн худалдаж авдаг чантуу хүн байлаа. Ашим гэдэг оёдолчин байв. Уйгур хүмүүсийн эрэгтэйчүүд нь оёдолчин хийдэг байлаа. Манглаг гэдэг миний авга ах төмрийн дархан хийнэ. Захын гуугаас нүүрс малтаж ирээд хөөрөгөө халаадаг байсан гэж ярьж байлаа. Хүний үс засдаг, мал худалдаж аваад мах зардаг уйгурууд байлаа. Ингэж газар тариалан, худалдаа, гар урлалын ажлыг чантуу нар монгол, казахуудад зааж өгчээ. Миний багад Ховдод 80-90 орчим уйгур айл байлаа. Тэд мал муулах, эрэгтэй хүүхдийн хөвч таслах зэрэг үндэсний ёс заншлаа их мөрддөг байсан. Би ийм гаралтай уйгур буюу чантуу хүн юм даа. Ховдын чантуу нарын дотор насаар ахмад нь болов. Одоо Ховдод 50 орчим өрх чантуу айл бий. Ихэнхи нь манай хотен овогийнхон байдаг
Хятад руу буцаж нүүсэн нь.
Ингээд амьдарч байтал 1955 онд Юмжаагийн Цэдэнбал дарга Ховдод ирлээ. Хотын төв цэнгэлдэх хүрээлэн дотор байсан Клубт хүмүүстэй уулзаж яриа хийхдээ “Манай улс Хятад улстай сайн харилцаатай, хоёр улс ах дүү болов. Хятад хүмүүс ирж манай оронд барилга барих ажилд туслана” гэх зэргээр ярилаа. Манай Яасай ах клубт хөгжимчин тул би тэр хуралд ахыгаа дагаад орж байлаа. Хурал дээр хэсэг уйгур хүмүүс Ю.Цэдэнбал даргад хандан “Бидний чантуу нар 1921 оны хувьсгалын дараахан Хятадаас оргож зугтаад Ховдод нүүж ирсэн. Одоо цаг сайхан хоёр улс ах дүү болсон бол бид нар Хятад нутаг руугаа нүүж буцмаар байна. Та зөвшөөрөх үү” гэж асуулаа. Дарга зөвшөөрнө гэсэн юм. Тэгээд хоёр улсын гэрээ байгуулж жилийн дараа 1956 онд Ховдоос 45 чантуу айл Хятад улс руу нүүлээ. Ард нь нүүгээгүй 30-д өрх айл үлдэв. Манайх бас нүүв. Би 12 настай миний ах Барат 14 настай. Чантуу нар бүгдээрээ нийлээд хамтран тэмээ ачаалаад нийтдээ 280 тэмээ, 180 гаруй адуу тууж Ховдоос гараад 1956 оны 9 сарын 25-26-ны өдөр Такейшканаар гараад Хятадад орлоо. Нүүсэн айлуудын авгай, хүүхдүүд бүгдээрээ монголын харъяат, хүүхдүүд нь сургуульд суралцаж байлаа. Харин насанд хүрээд монголд ирсэн чантуу нар түр амьдрах үнэмлэхтэй байв. Хил даваад Чингэл хүрээд адуу малынхаа зарим хэсгийг зарав.
Тэр нутгийн хүмүүс монголоос авч гарсан адуу, үхэр их сонирхож дуртай худалдан авч билээ. Тэгээд цаашлан Үрэмч хотод хүрэв. Хятадын засгийн газар Ховдоос нүүж хүрсэн чантуу хүн бүрд тусламжийн мөнгө өгсөн. Хэдэн юан өгснийг санахгүй байна. Дараа нь ах дүү нараа олж аваад Шинжианы дотор дуртай газартаа хүрч суухыг зөвшөөрөв. Бидэнтэй очсон хүмүүс ах дүү төрсөн нутаг гээд Хами, Турфан, Хотен, Кашгар, Ах суу, Үрэмч гэх мэтээр ганц нэгээрээ тарж одов. Жишээ нь Седель гэдэг мужаан чантуу эхнэр хүүхдүүдээ дагуулаад Хотен явав. Миний эцэг хотен нутаг ах дүүгээ мэдэхгүй гээд аав нь амьдарч байсан Алтай аймгийг сонгов. Тэгээд манайхан Алтай зүглэн буцаж нүүгээд Алтай хотоор дамжин монголчууд суудаг Хандгайтын Тариат гэдэг тосгонд нүүж ирэв. Монгол лам нар суух учир Ламаажав гэж тэр газрыг бас хэлнэ. Ах бид хоёр хятадуудтай нийлээд газар сайгүй явж, ажил болгоныг хийж эхэллээ. Алтай хотын ан амьтан тэжээх газар, төмөрлөг металлургийн үйлдвэрээс эхлээд мал туух, барилга барих, жан цохих зэрэг олон ажил хийж дандаа хятадуудтай хамт амьдарсаар гурван жилийн дотор Хятад хэлийг бүрэн сурч авав.
Хятадаас оргож ирсэн нь. 1960 оноос эхлэн Хятад, Орос хоёр улсын харилцаа муудаж бие биенээ муу хэлж гарлаа шүү.
Хятадад айлуудад байх оросын мандолин, гитар хөгжмийг гарган хага дэвсэж байхыг харсан. Оросын эсрэг үзэл гаргаж байгаа нь тэр юм. Монголоос нүүж очсон бидний хэдэн чантуу нарыг “Оросын монгол” гэж нүд үзүүрлэх боллоо.
1962 онд ах бид хоёрыг хятадууд барьж аваад “Оросд элэгтэй, монголын тагнуул” гэж үзээд Алтай хотын шоронд хорилоо. Би 18, ах 20 настай байсан. Монголын харъяат иргэн Хятад, Монгол улсын хилд 50 км газар ойртвол шууд буудна гэсэн хуультай байлаа. Тэр хуулийг бидэнд танилцуулна. Тэр цагт Хятадад хоёр төрлийн шорон байна. Нэг нь Лоднянжо гэдэг нэртэй. Хийсэн хэрэггүй боловч үзэл санаа нь цэвэр биш гэж үзсэн хүнийг барьж хориод хэзээ үзэл санаа нь цэвэрштэл байлгана.
Ах бид хоёрыг Монголын тагнуул, Оросын монгол гэж үзэж үзэл санаа нь цэвэр биш гээд хорив. Хятадын эсрэг үзэлтэн гэсэн үг. Энд орвол хэзээ гарах нь мэдэгдэхгүй, хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ гээд их удаан, хугацаагүйгээр хорино. Хорьж аваад Лоднянжо гэсэн малгай өмсгөнө. Нөгөө нэг шорон нь Логуэ гэнэ. Хулгай, дээрэм зэргийг хийгээд шүүхээр ороод ял авсан хүнийг хорино. Хугацаатай хоригдох тул арай гайгүй.
Ах бид хоёрыг Лоднянжо шоронд 1962 оны 4 сард оруулж хашаад дөрвөн сарын дараа 8 сарын эхээр нь оргов. Үүнээс оройтвол монгол явах зам даваа хаагдаж цас ороод хүйтэрнэ гэдгийг би мэдэж байлаа. Шоронгоос өдөрт гаргаж буутай харуулуудын хяналтан дор ажил хийлгэнэ. Оройд авч ирээд камерт хийгээд дөрвөн тал болон дээр нь буутай манаа гаргана. Шорон нь хотын төвд байрлана. Тэндээс оргоно гэж бодохын хэрэггүй байлаа. Харин өглөө болгон хоригдлуудыг гаргаж жагсаагаад хэсэг бүлэг болгон ажилд хувиарлана. Оргох өглөө ахынхаа дэргэд зогсож байгаад хамт нэгэн хэсэгт хувиарлагдаж чадлаа. Ингээд Алтай хотын шоронгоос ах Барат бид хоёр хятадын харъяат нэгэн хасаг залуугийн хамт гурвуулаа оргож гарав. Уг нь тэр Ээв, Хөх тохойн зам сайн мэддэг хөдөөний хүн. Шоронгоос оргохдоо казах залуу Орос явна гэж тооцоолсон юм. Бодвол оросоос орж ирсэн казахын үр сад байх.
Бид хоёр оргох тухай ярилцаж байгаад азаар тэр өглөө нэгэн хэсэгт оржээ. Хоригдлуудыг өглөөнөөс өдрийн 12 цаг хүртэл ажиллуулаад хооллож хоёр цаг амраана. Тэр өдөр хоолонд ороод амрах хооронд харуул бас нэг цаг унтдагийг ашиглаад гурвуулаа оргож гараад хотын гудамжаар гүйж их олон хүний дунд ороод арилж өглөө. Хотын баруун урд талын ууланд гараад хадны нүхэнд өдөржин хэвтэв. Миний ах их томоотой бас өрөвчхөн сэтгэлтэй аймхай хүн. Тэгээд би оргож явах замыг удирдах болов. Монгол явах хоёр зам байлаа. Нэг нь шууд эгц явж Даянгаар давах ойрхон зам. Нөгөө нь Алтай нурууг даган урагшлаж Хөх тохойгоор дайраад Дэлүүнээр орох холын зам юм. Би холын замаар явах шийдвэр гаргав. Яагаад гэвэл Даян явах замыг хятадууд хяналтанд авч биднийг амархан барьж авах байлаа. Харин тэд Даян хүртэл замыг хянаж шалгаад эргэх хооронд лав л арван дөрвөн хоног болно тэр хооронд бид холдож улмаар Монголын хилд ойртож чадна гэж тооцоолов. Миний тооцоо зөв байсныг хожим мэдсэн дээ.
Тэгээд өдөржин хэвтээд шөнө болгож байгаад гүйсээр Хандгайтад шөнө дунд ирэв. Ууланд гараад гэрийнхөө гэрэлтэй цонхыг харж хэсэг байгаад ногооны талбайгаасаа жаахан хулуу аваад Ээвийг уруудан Хөх тохой чиглэн явлаа. Гэртээ орох л юм бол баригдах аюултай. Хамт оргосон казах залуу зам сайн мэдэж байв. Хоорондоо казахаар ярина. Монголд байхдаа казах хэл сурсан юм. Тийм маягаар өдөрт хэвтээд шөнөд яваад байлаа. Хятадууд шөнө болохоор айгаад явж чадахгүйг бид мэдэж байсан. Уул тайгын чоно хятад хүнийг амархан барьж иддэг гэж тэндхийн хүмүүс хэлдэг. Хэд хоног яваад Хөх тохойд ирэхэд ихэд ядарчээ. Өлсөж цангахаас гадна гутал их муудаж урагдаад явж болохоо болив. Шөнө айлууд унтахаар босож хятадуудын өдөржин устай талбайд ажиллаад чийг болсон гуталаа хатаахаар өлгөснийг далимдуулаад хэдэн шаахай хулгайлав. Хатаж татсан шаахай нэг нь ч бидэнд таардаггүй, багадаад. Гурав дахь шөнөө арай гэж нэг нэг таарсан гутал олж аваад цааш явлаа. Маргааш өглөө Хайртын голын хөвөөнд ойрхон нэг үхэр бариад алж байтал хэдэн хятад ирлээ.
Тэгээд үхэр яагаад алж байгаа юм, мах зарахуу гэж асуулаа. Би манай коммуны үхэр юм. Уулнаас гулгайд үхжээ. Махыг зарахгүй коммунд өгнө гэж хэлсэнд тэд итгээд цаашаа шуугилдаад явцгаалаа.
Тэр цагт Хятадад коммун гэгч байгуулагдаж баян хүмүүсийн хөрөнгө хураагаад авдаг байв. Коммуны гишүүн хүн их эрхтэй, гаднын хүн тэр болгон үг хэлж чадахгүй болсон байлаа. Хятадууд явсны дараа бид ч яаран үхрийн ганц гуяыг авч үүрээд ой мод руу ороод алга болов. Ингэж үхэр хулгайлав. Үүнээс өмнө нэг ямаа авч билээ. Тамик булаг гэдэг газар нутаглах тува нараас нэг ямаа, хуучин цэрэг тогооны хамт хулгайлж авч махыг чанаж идэх болов. Тэр цагт гэрийн цэрэг гэж хятадад байлаа. Тийм цэрэг буутай. Бусад хүмүүст ямар нэгэн буу зэвсэг байхгүй. Гэрийн цэрэг өдөрт талбайдаа ажиллаад гэртээ байна. Бослого үймээн гарвал шууд буугаа аваад цэрэгт явна. Хятад улс ядуу учир цэрэг тэжээж чадахгүй болохоор албанд татагдсан цэргүүдэд буу тавьж өгөөд тэд талбайдаа ажиллаж өөрийгөө тэжээнэ. Гэрийн цэрэгт зөвхөн хятад хүнийг авна. Тийм нэгэн гэрийн цэргийн ойролцоо нуугдаж байгаад гадаа тулсан тогоог хоолтой нь хулгайлаад авч байлаа. Ингэж хоол хийх тогоотой болов. Ийм хулгай хийх, хоол хүнс олох цагт ах нуугдаж хоцроод би казах залуугаа дагуулаад явна. Гэхдээ хүн гурван өдөр дараалан мах идээд явж чаддагүй юм билээ. Ядарна, өлсөнө, өөр юм идмээр санагдана.
Тэр үеийн Хөх тохойд цагаатны цэргүүд ихээр зугтаж ирээд суурьшсан байлаа. Цагаан хааны атаман Семеновын армийн цэрэг бараг бүгдээрээ улаантнуудаас зугтаж Оросоос орж ирээд Гулж хотоор дайран Хөх тохойд ирсэн гэдэг. Орос эр, эм хүмүүс, шар толгойтой хүүхдүүд олноор гүйлдэж харагдана. Зарим оросууд хятад эхнэр аваад суусан байлаа. Өмнө нь би Хөх тохойгоор явж тэр бүгдийг харж үзсэн юм. Баян чинээлэг болсон орос хүмүүс ч олон байсан санагдана.
Хил ойртох тутам ой мод ихсэж өдөрт ой дотор явах бололцоотой болжээ. Хайртын голын дунд салаагаар өгсөөд байхад Монголын хилийг давна гэж мэдэж байлаа. Бүтэн сар хоол ундгүй шахам явган нүцгэн, хулгай хийж нуугдаж явна гэдэг хэцүү хүнд. Бороо яг ус асгаж байгаа адил орно.
Буцах зам байхгүй, буцвал хятад барьж аваад шууд буудна. Тиймээс төрсөн нутагтаа хүрэх Монголдоо очих ганцхан зам байлаа. Мал, чоно хүртэл төрсөн нутагтаа гүйдэг. Тэгээд зүтгээд байна. Хайртын дунд салааг өгсөн явахад хил ойртож байгаа нь мэдрэгдэнэ. Яг хил дээр ирэхийн урьд шөнө явсаар мэдэлгүй нэгэн казах айлын малын захаар орж ирэв. Айсан гэдэг учиргүй. Тэд мэдэх юм бол өлсөж ямарч тэнхээгүй болсон бид гурав шууд баригдах байлаа. Үүр цайхын үеэр өнгөрөхөд нохой нь хүртэл унтсан байж билээ. Хоточ нохой хүртэл үүр цайхаар бөх гэгч унтдагийг тэр үед мэдэв. Биднийг аз дайрчээ. Өгссөөр даваан дээр гарч ирэхийн өмнө уулын бэлд хэдэн зэрлэг сонгино ургасныг хараад малтаж авав.
Явсаар хилийн 26 дугаар багана дээр ирлээ. Өмнүүр хятадын хилийн хайчын цэрэг явж өнгөрөв. Араас ирж яваа нөгөө хоёрыгоо яаруулсаар би баганын дэргэд нилээд сууж хүлээлээ. Нэг талд нь БНМАУ, нөгөө талд нь БНХАУ гэж бичсэн хилийн багана. Баярлах ч тэнхэлгүй болтлоо ядарчээ.
Гурвуулаа хил даваад дотогшоо орж ирээд нилээд яваад сонгиноо жаахан тос өөхөнд хуурч идэв. Манай хоёр явж чаддаггүй, хэвтээд өгөв. Доор холд ганц монгол гэр харагдана. Айл чиглээд явж байтал замдаа тарвага хөөрүүлдсэн нэг хүнтэй таарав. Би казах, хятад, уйгур, монголоор ярьж чадна. Тэр хүнтэй казахаар ярилцав. Жаахан аялгатай юм. Би түүнд хятадын шоронгоос оргоод хил давж ирлээ гэж хэллээ. Тэгтэл тэр хүн огло харайн босоод мориндоо мордоод буугаа тулган яв гэж хэлэв. Би түүнд дахин араас хоёр хүн ирж байгаа, ядраад хэвтэж байна. Ирэхээр явъя, бид та нарт муу юм хийхгүй энгийн улсууд гэж хэлсээр итгүүлээд ах, казах залуу хоёроо очиж босгож аваад бүгдээр тэр айлын гэрт ирлээ. Гэрт ээж нь, эхнэр нь байна. Ээж нь дээр үеийнхээ үндэснийхээ сэргэр навсайсан дээл хувцастай юм. Гэрийн гадна тарвага олноор агнаад зэрэгцүүлэн өржээ. Чумаш гэдэг урианхай айл гэнэ. Өлсөж ядарсан биднийг цай өрөм юу байгаагаараа хооллов. Тэгээд Чумаш бид гурвыг өмнөө оруулж туусаар 5 орчим км газар яваад сүүн тасагт авч ирлээ. Баян-Өлгий Алтай сумын сүүн тасаг гэнэ. Хил зорчигч барьж ирлээ гэдгийг дуулаад хүмүүс бөөгнөрөн зогсоод биднийг гайхан харж угтав. Орой болсон тул бид гурвыг гурван өөр айлд хонуулав. Намайг хонуулсан айл нэг залуутай юм. Казах айл байлаа. Би ч казахаар ярина. Монгол хэлээ нуусаар байлаа. Настай ээж нь өглөө намайг хараад өмссөн хувцасны тамтаг болсон уранхайг хүүхэнээрээ оёулж өглөө. Нөгөө хоёр хаана хоносон юм бүү мэд. Өглөө нь бидэнд гурван морь тохжээ. Тасгийн дарга бололтой нэг хүн өндөр залууд буу өгөөд энэ гурвыг сумын төвд хүргэж өг гэж монголоор хэлж байна. Сүүн тасагт монгол айлууд олон байх ажээ. Яг мордоод явахад нэгэн эхнэр тэр залууд болгоомжтой явтан, наад гурав чинь чамайг алаад зугтах бий гэж хэлж байлаа.
Бид гурван цаг орчим яваад Алтай сумын төвд ирлээ.
Ах ч, хятадаас хамт гарсан казах залуу ч, би ч дуугүй л явлаа. Алтай сум шинээр байгуулагдаад хотоос нэгэн сайд ирсэн гэж ярьж байлаа. Бидний хил давж ирсэн хүмүүс учир тэр сайдтай уулзуулна гэнэ. Тэгтэл гэнэт сайдын машин хажууд зогсож байсан нэгэн залуу “Хүүе Авдрах” гэж монголоор дуудав. Эргэж хартал Ховдод хүүхэд байхдаа танилцсан монгол залуу байлаа. Би хүүхэд байхдаа гадуур их тэнэдэг, хятад монгол, казах гэлтгүй их олон танилтай болсон байлаа. Тэдний нэг юм. Дахин намайг аз таарч тэр залуу сайдын жолооч хийгээд явж байжээ. Бид уулзаж ярилцаад хүмүүс хил зорчиж ирсэн намайг монголоор ярьж байна гэж эргэж тойрон гайхалдана. Улмаар сайддаа намайг Ховдод төрсөн уйгур хүн, монголын иргэн гэдгийг хэлж өгчээ. Орой хирд сайд бидэнтэй уулзав. Яагаад хил давж ирэв гэж асуухад би Монголооос яваад, Хятадад очоод шоронд хоригдоод зугтаад, эх орноо санаад ирлээ гэж ярьж гарлаа. Хятадууд хавчаад монголын тагнуул гээд байхаар оргоод ирлээ гэв. Сайд бидний яриаг сонсож аваад дараа нь “Эх орноо мартахгүй, эргээд ирдэг жинхэнэ эр хүн” гэж магтаад сумын даргад энэ хүмүүсийг аймагт хүргэх хүртэл сайн хооллож амраагаад явуул гэж үүрэг өгөв. Айх гайхах зэрэгцэж сайдын нэрийг асууж чадсангүй. Сумын дарга хоёр хоног мах чанаж, айраг өгч байгаад Өлгий хотод хүргэлээ.
Өлгийд биднийг шоронд хийсэнгүй, нэг гэр барьж байлгаад өдөрт гаргаж ажил хийлгэнэ. Бичиг баримт энэ тэрийг УБ хот явуулсан хариу ирэхээр шийд гарна гэнэ. Ажил хийж байхад нэг ГАЗ-53 машин хоёр өдөр эргэлдлээ. Харахад эмэгтэй жолоочтой юм. Гурав дахь өдөр тэр жолооч хүүш чи Авдрах мөн үү гэж казахаар асуулаа. Мөн гэлээ. Хүрээд ирлээ. Тэгтэл Ховдод байсан казах эмэгтэй байв. Би дүүтэй нь найзалж гэрээр нь их очдог байсан юм. Тэгээд намайг таньжээ. Тэр жолооч Өлгийгийн Бердгожай гэдэг казах хүнд Авдрах гэдэг Ховдын чантуу ахтайгаа хамт хятадаас оргож ирээд Өлгийд байна гэж хэлжээ. Бердгожай гуай Ховдод амьдарч байсан манай авга ах Яасайд чиний ахын хоёр залуу хил давж ирээд Өлгийд байна гэж утсаар хэлж дуулгасанд Яасай ах Өлгийд ирээд миний дүү нар мөн хорионоос гаргаж өг гээд хэвтэж байлаа.
Удалгүй УБ хотоос шийд ирж ах бид хоёрыг Монголд төрсөн, Монголын иргэн гээд паспорт олгоод Ховдод явуулав. Харин нөгөө хамт ирсэн казах залууг Хятадад буцаагаад өгч билээ. Ингэж 12 настай Монголоос гараад бараг 7 жил болоод 18 настай оргож босоод ядарч зүтгээд Ховддоо ирсэн. 1990 он гарч нийгэм чөлөөтэй болсны дараа би Хятадад очоод Алтай хотод хүрэв. Хуучин танил газарууд нүдэнд их сайн тусах юм. Хэсэг хугацаанд ажилласан металлургийн үйлдвэрээр орлоо. Хятадууд нэг газар удаан ажилладаг бололтой. Намайг таньдаг нэг хөгшин хятад байлаа. Би хятадаар ярив. Монголд оргоод явсан Авдрах гэж таньж байна. Гэртээ уриад идээ ногоогоо гаргаад бид архидаж гарав. Аавын яс тавьсан Хандгайтаар явлаа. Хасаг олон болжээ. Бүгдээрээ тошалай гэдэг шавар гэрээ барьсан харагдана. Тийм гэрт өвөлд махаа хатааж хадгалж каз хийнэ. Зунд гал тогоогоо гаргадаг. Бид оргож явахдаа бас хэд хэдэн тошалай гэрээс мах хулгайлж байснаа санасан шүү.
Ховдод ажиллаж амьдарсан нь.
Долоон жилийн дараа Ховдод эргэж ирлээ. Анх нүүсэн айлуудын хүмүүс дотроос ах бид хоёр ингэж оргож босоод ирсэн юм. Миний авга ах Яасай минь Ховддоо амьдарч байлаа. Түүнийгээ бараадлаа. 1964 онд 19 настайдаа гэрлэв. Миний эхнэр Бахатхан уйгур аавтай, монгол ээжтэй бүсгүй. Би багадаа түүний ах нартайгаа найзалж тоглож өссөн учир сайн танилууд байлаа. Тэгээд 17 настай байхад нь аваад суугаад 9 хүүхэд төрүүлж өсгөөд айл орон болгоод гаргав.
Хүнсний комбинатад механикаар орж 40 жил хөдөлмөрлөв. Үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр саван зүсэгч, архи савлагч, гурил тээрэмдэх цахилгаан тээрэм, гоймон хатаагч, ус дамжуулах цэвэрлэх байгууламж, түрдэг тэрэг хүртэл бараг бүгдийг шинэчлэн сайжруулах оролдлого хийж үр дүнд хүрчээ. Гурил тээрэмдэх цахилгаан тээрэм хийхдээ Буянт гол дээр өвөг эцэг чантуу нарын хийж ашиглаж байсан морин тээрмийг ашиглаж байлаа. Ингэж өөрийн зөн совин техникийн мэдрэмжээр ганц гартай боловч эцэж цуцалгүй хөдөлмөрлөсөн юм. Миний санаачласан бүхий л арга технологи техник үйлдвэрт нэвтэрч байсан.
Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн механикч К.Авдрахын ШБОС-ыг нийтэд сурталчлан түгээсэн тусгай ном хэвлэгдэж байлаа. 1980 онд УБ хотноо улсын хэмжээний ШБОС-ын улсын III зөвлөгөөн болов. Ховдоос инженер шинийг санаачлагч Цэндсүрэн бид хоёр оролцов. Цэндсүрэн гэж сайн инженер байлаа. Бид бие биедээ харилцан тустай явлаа. Зөвлөгөөн дээр түүнийг Алтан гадас одонгоор, намайг Засгийн газрын Жуух бичгээр шагнаж байсан. Харин бараг 35 жилийн дараа надад Алтан гадас одон өгөв. Энэ ардчилсан нийгмийн үед шүү дээ.
Хятадын тагнуул хэмээн Монголын шоронд хоригдсон нь. Аймгийн хүнсний комбинатад механик хийхдээ их сайн ажиллав. Унаган техникийн авъяас байсан байх. Бас хятадад металлургийн газарт ажиллаж байсан маань ч нөлөөлөв. Гэхдээ социализмын үе болохоор ялангуяа дарга нарын зүгээс хардах байдал гарсаар байлаа. Шагнал урамшлаас хасна, гадаадад мэргэжил дээшлүүлэх боломж олгохгүй. Хүнсний комбинатад шинэ техник ирээд механик болохоор намайг гадаад мэргэжил дээшлүүлэх шинэ технологитой танилцуулахаар үйлдвэрээс явуулах болоход аймгийн намын хорооны нэг дүгээр нарийн бичгээр даргаар ажиллаж байсан З.Түмэнжаргал гэдэг хүн “Авдрах гадаадын тагнуул” гээд хасаж байв. Үйлдвэрийн түгээгч эмэгтэй МАХН-д элсэхээр аймгийн намын хорооны товчооны хуралд ороход тэр дарга “Чамайс ганцхан зүйл асууя. Авдрах хувийн машиндаа хаанаас бензин авч хийдэг вэ” гэж асууж байжээ. Энэ бүхнийг бүр сүүлд тэр хүмүүсийн амнаас сонссон билээ. Явсаар сүүлдээ 1987 оны 6 сард намайг хятадын тагнуул, дамын наймаачин гэж барьж аваад Ховдын шоронд хийж бүтэн зургаан сар хорив. 1980-д оны үед би аймгийн хүн эмнэлэгт явж байгаад актанд гарсан Тоёото машин худалдаж аваад унаж байлаа. Тэгээд түүнийгээ зараад УБ хот яваад Волга-21 машин худалдаж авч ирэв. Тэр машиныг Франц улсын элчин сайдын яаманд ашиглаж байжээ. Би түүнийг яаж мэдэхэв. Ховдод ирсний дараа тэр машины урд талд Францын элчингийн далбааны зураг байна гэж хараад цагдаа тагнуулынхан “Авдрах бол хөрөнгөтөн орон Францтай холбоотой, Хятадын тагнуул” гээд бариад авлаа.
Ингэж би хоёр дахь удаагаа ямар ч гэмгүй мөртлөө шоронд орсон. Хятадад монголын тагнуул гэж байсан бол Монголд хятадын тагнуул болчихсон билээ. Анх шоронд хийхдээ тагнуулынхан хуягуудад Авдрахыг ганц ч хүнтэй уулзуулж болохгүй, энэ бол гадаадын улс төрийн тагнуул гэж хэлээд хийсэн юм. Яваандаа тагнуул нь батлагдсангүй намайг дамын наймаа хийсэн, машин ямар мөнгөөр авсан гэх зэргээр байцаав. Би үйлдвэрт сайн ажиллаж шинэ бүтээл оновчтой санал олныг гаргаж мөнгө ихээр олж байлаа. Тэр үеийн Ховдын хөдөлмөрөөрөө гайгүй ихээхэн мөнгө олдог ганц хоёр хүний нэг нь байсан юм. Шоронд байх хооронд эхнэрийг минь бага цалинтай ажилд оруулж, театрт ажиллаж байсан охиныг минь халан гаргаж, сангийн хэрмэн дээр харуулууд гарч гэрийнхнийг минь тагнаж байжээ. Орон гэрийн хана туурга, шал дэвсгэр, тогоо шанага, сав суулга бүгдийг эргүүлэн онгичиж нэгжжээ. Ховд даяараа чантуу Авдрах хятадын тагнуул байгаад баригджээ, шөнө Булган явж хил хүрээд хятадад мэдээ өгөөд өглөө нь ажилдаа байж байдаг гэх мэтээр цуурхал тараажээ.
Эцэстээ комбинатад шүүх хурал болж шүүгч Дэмбэрэл, өмгөөлөгч Дагвадорж нар хоёулаа намайг өмгөөлөв. Яагаад гэвэл би нэгдүгээрт тэргүүний сайн механик, үйлдвэрт их ашиг оруулсан шинийг санаачлагч, хоёрдугаарт хятадын тагнуул биш, дамын наймаа ч хийсэнгүй. Гэм зэмгүй ажилчин чантуу байсан, одоо ч байгаа шүү дээ.
Зохиогчийн авсан гэрэл зургийн тайлбар:
Эхний зураг Монгол улсын шинийг санаачлагч, шилдэг механик инженер К.Авдрах, ач хүүгийн хамт. 2016 он
Удаах зураг. К.Авдрахын гэрийн үүдэнд буй Буянт голын усны урсацыг ашиглан хэрэглэж байсан усан тээрмийн чулуу

Related posts

МОРИН ХУУР ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙН НЭРИЙН СОЁЛ – ТҮҮХИЙН ХУВЬСЛЫН ТУХАЙ

Admin

“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө”-г Хархорин сумын нутагт босголоо

Admin

МОНГОЛЧУУД ҮНДСЭН ГАЗАР НУТГААСАА 1689, 1727, 1864, 1915 ОНД “АЛБАН ЁСООР” АЛДАЖ БАЙЖЭЭ

Admin

Leave a Comment