-Миний хувьд асуудлыг хоёр талтай харж байна. Сайн нь ч, муу ч байгаа байх. Бид эрүүл сэтгэлгээгээр, эрүүл ухаанаар асуудалд хандах ёстой. Завсар зуурын хүндрэл гарч ирдэг. Тэр хүндрэлийг хамтдаа туулах хэрэгтэй. Цаашид иргэн, төр гэж хуваагдах шаардлага байхгүй гэж харж байна. Төрийн бус байгууллага нь хэдэн иргэнтэйгээ нэг талдаа, нөгөө талд нь Монголын төр гараасай гэж хүсэхгүй байна. Илүү ухаалаг зарчмаар, илүү зөв менежментээр, илүү хамтын хүчээр бид Монголын төрд ажиллаж байгаа олон хүний нүдийг нээж, чихийг онгойлгох хэрэгтэй. Энэ бол бидний үүрэг. Арван жилийн өмнө энэ чуулганыг зохион байгуулсан бол яах байсан бол. Таван жилийн өмнө хийсэн бол яах байсан бол. Энэ чуулган болохгүй ч байж мэднэ шүү. Гэхдээ бид 21 аймагт ардчилсан иргэн хүний хувьд ардчиллынхаа буяныг эдэлж, энэ улсын хөгжилд өөрсдийнхөө дуу хоолойг оруулж, 35 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Энэ бол маш том амжилт байлаа. Энд 5000 иргэн оролцсон. Бид хэлэлцүүлгийнхээ ард гарсан, ажлын ард гарсан. Энэ бол та бидний хамтын ажил юм. Монгол Улсын түүхэнд тод бичигдэж үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэ хэлэлцүүлэг зүгээр нэг яриа төдий байгаагүй. Энэ хэлэлцүүлэг зүгээр нэг хурал, цуглаан болоод тараагүй. Хэлэлцүүлэг болгоны ард асуудал нь шийдэгдэж байсан. Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Завхан, Баянхонгорт тулгараад байсан олон асуудал тэр орон нутгийн удирдлагуудын чихэнд хүрсэн. Одоо төрийн чихэнд хүрч байна. Би төр, засгийн чих арай ч бөглөрөөгүй байх гэдэгт итгэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг хуралд урьсан нь үнэн. Засгийн газрын хуралдаантай давхацсан. Бидэнд олдсон цаг нь өнөөдөр байлаа. Би та бүхний өөдөөс хараад Ерөнхий сайдыг өмөөрч байгаа юм биш. Гэхдээ би энэ хүнд баярлах өртэй. Тост, Тосон бумбын төлөө иргэд бид 10 гаруй жил тэмцсэн. Дунд нь эрдэнэт хүний алтан амь үрэгдсэн. Тэр биологич залуу зүгээр нэг амь үрэгдээгүй гэдэгт итгэдэг. Тэр бол аллага байсан. Тэр хүний тэмцлийг бид үргэлжлүүлж байгаа юм. Хэрэв У.Хүрэлсүх гэдэг хүн байгаагүй бол шударга ёсны алх энэ талд цохихгүй байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар ч байсан гэрэл, гэгээ гийсэн. Монголын төрд итгэж болох юм байна гэдэгт би хувьдаа итгэсэн. Хүнд хэцүү цаг үеийн туулсан. Багтайгаа хамт бүгдээрээ гурван сарын турш өдөр, шөнөгүй араас нь явсан. Нойр хоолгүй. Өнгөрсөн наймдугаар сард гарсан Засгийн газрын шийдвэр бол томоохон ташуур өгсөн гэдгийг албан ёсоор хэлж байна.
Итгэл, найдвараа алдаж болохгүй. Зөв шийдвэрийг гараасаа алдаж болохгүй. Төртэй илүү их ойлголцох менежментийг хамтдаа хийх ёстой. Илүү олуулаа болох ёстой. Гурван төрийн бус байгууллага эх орноо тойрч чадаж байна. Магадгүй гучуулаа нийлсэн бол бүх сумаа тойрч чадна. Эцсийн эцэст энэ тэмцлийн ард биднийг өмгөөлж, хамгаалах юу ч байгаагүй. Үнэндээ олон нийтийн хүч, итгэл л байсан. Тэр итгэл, хүчийг алдахгүйн тулд энэ баг ажиллаж ирсэн.
-ЦАГААН ДЭЛИЙН БООМТЫГ НЭЭЛГЭХГҮЙН ТӨЛӨӨ ТОСОН БУМБААС Ч ИЛҮҮ ТЭМЦЭХ БОЛНО-
Чуулганы эхэнд энэ чуулганы ОНЦЛОХ 10 сэдвийг танилцуулсан. Үүн дээр нэмээд нэг зүйлийг онцлох ёстой.
Өнөөдөр энд яригдаж байгаа Цагаан дэлийн боомтыг төр зогсоогоосой гэж хүсэж байна. Төрийн шударга алх дахин нэг цохиосой гэж хүлээж байна. Өлзий-Цагаан дэлийн боомтыг нээж болохгүй. Өнөөдөр хангалттай тайлбарлалаа. Олон нийтэд ойлгуулж, асуудлыг шийдэхийн тулд Тосон бумбын тэмцлээс ч илүү тэмцэх болно.
Мөн Ураныг Монгол Улс хориглоосой. Дэлхийд үүнийгээ тунхаглан зарлаасай. Бид 32 тэрбум тонн нүүрстэй гэж ярьж байна. Тэр баялаг тэгээд л болоо. Лав л бидний үед идэж ханахгүй, барахгүй их хөрөнгө байна. Ураны асуудлыг зогсоогооч ээ. Энэ чинь ямар аймшигтай түвшинд хүрчихсэн байна вэ. Ирээдүйд ямар том аймшиг дагуулж байна вэ гэдгийг төр, засаг минь сонсооч ээ гэж энэ чуулганд оролцсон 800 хүн та бүхэнд хэлж байна.
Гүний ус ашиглалтын асуудлыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглахыг зогсоогооч ээ. Тэр говь нутаг чинь тэр чигтээ цөл болж үлдэх нь. Энэ улсын урд хил тэр чигтээ цөл болоод үлдчих юм бол тэнд байгаа 65 мянган иргэн яах вэ гэдэг асуудал босож ирж байна. Энэ газар сайгүй байгаа. Тиймээс гүний ус, ундны усыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах асуудлыг зогсоогооч гэж шаардах нь зүйн хэрэг гэж бодож байна.
Цогц хууль гаргаж, түүнийг мөрдүүлэхийн тулд олон цаг хугацаа орно. Магадгүй нэг парламентын хугацаа ч орж болно. Тиймээс нэн яаралтай шийдэх асуудал бол нийгмийн лицензийг хуульчилж өгөөч ээ. Багаас нь, сумаас нь, аймгаас нь санал авч эдийн засаг, байгаль экологийн хувьд асуудалгүй гэж бодож байгаа бол уурхай нээе. Хамтдаа нээж, хамтдаа ашиг шимийг нь хүртье. Үгүй гэвэл хуулиар эхний ээлжил зохицуулж өгөөч ээ гэсэн шаардлагыг эхний ээлжид өгнө гэж бодож байна.
Байгаль эхийг хамгаалах чиглэлээр ажилладаг Төрийн бус байгууллагууд нэгдэж, байгаль эхээ хамгаалах, уул уурхайг хариуцлагажуулах үндэсний нэгдэл байгуулъя. Гэхдээ зүгээр нэг ярьж суудаг бус ширээний ард суугаад асуудлаа шийддэг, хууль санаачлах хэмжээнд төрийн түшээдтэй ойлголцдог хэмжээнд хүрье. Энэ санаачилгыг гаргаж уриалж байна. Тэмцэл дандаа дайтахын нэр биш. Тэмцэл үр дүнтэй байх ёстой. Тиймээс бүгд хамтдаа эдгээр асуудлын ард гарахын тулд илүү нээлттэй болж, нэгдье. Энэ бол Монгол Улсын үндсэн асуудал болохоос хувь хүний асуудал биш. Чуулганыг тогтмолжуулж, төр төрийн бус олон нийт нийлж зохион байгуулдаг уламжлал тогтооё. Болж өгвөл ирэх онд бүх сумаар тойрцгооё. Илүү зөв шийдлийг олохын тулд бүгдээрээ хамтдаа ажиллацгаая.
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” чуулганы үеэр “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаярын дэвшүүлсэн онцлох 10 санаачилга