Дэлхийн 2-р дайны 1-р фронтыг холбоотнууд 1939.9.3-нд нээсэн.
9-р сарын 1-нд Рейх, ЗХУ хоёр хамтран дэлхийн дайныг эхлүүлсэн. Даян дэлхийн пролетарийн хувьсгал нэрийн дор большевикууд дэлхийн дайныг тэргүүн зорилгоо болгож байсан. 1919 онд Антонов-Овсеенко, 1920 онд Тухачевскийгээр удирдуулж хамаг цэргээ Европ руу хөдөлгөн, дэлхийг эзлэхийг санаархаж байсан. Антонов-Овсеенког анархист Махно, атаман Григорьев хоёр, Тухачевскийг маршалл Пилсудский зогсоосон юм. Үүний дараа ЗХУ Рейхийг асар их хүч хөрөнгө дайчлан бойжуулж, эхлээд Гитлерээр Европыг даруулж, дараа нь араас нь довтлон өөрөө ноёрхож, улмаар дэлхийг ЗХУ-ын мэдэлд оруулах төлөвлөгөөтэй болсон.
Франц ялагдсаны дараа англичууд Гитлертэй үндсэндээ ганцаараа тулалдсан. 1940.6.9 – 10.30 –нд буюу Британий төлөө тулалдаанд тэд Германы 1700 онгоц, 700 шумбах онгоцыг сөнөөжээ.
Бас нэг фронтыг 1941.7.26-нд АНУ мөнгийг нь царцааж, нефть нийлүүлэхээ больж, Японы галыг өөр дээрээ дуудан нээсэн. Нефтийн импортын 95% нь байхгүй болсон Япон ЗХУ руу довтлоно гэх бодлоо орхиж, хилэгнэсэндээ АНУ-д цохилт өгчээ. АНУ дэлхийн 2-р дайнд цэргийн хүчээр орж, Японд дайн зарлан байлдаж эхэллээ. Үүний ачаар ЗХУ Сибирь, Алс Дорнодоос хамаг цэргийн хүчээ татаж, Москваг хамгаалсан юм. Ингэж АНУ ЗХУ-ыг аварсан шиг аварч байв. АНУ ийм алхам хийгээгүй бол ЗХУ нарим цохиулах байсан.
Холбоотнууд германчуудыг Ойрхи Дорнодын нефть рүү оруулалгүй тогтоон барьснаар, Рейх шатахууны байнгын ноцтой хомсдолд байдаг байлаа. Холбоотнууд Сицилид десант буулгаж, 1943 онд Италийг дайнаас гаргав.
Холбоотны нисэх хүч Германыг байнга бөмбөгдөж, аж үйлдвэр, дэд бүтцийг нь сөнөөж, Вермахтын нисэх хүчний ихээхэн хэсгийг тогтоон барьж, десант буухаас сэргийлсэн их хэмжээний явган цэргийг мөн тогтоон барьж байлаа.
1941.3.11-нд батлагдсан Ленд-лизийн хуулийн үйлчилгээнд 1941 оны 11-р сард АНУ ЗХУ-ыг багтаав. 1942 онд АНУ-ын холбоотнууд АНУ-д туслах хариу ленд-лизийг хэрэгжүүлж эхэлжээ.
Ленд-лизийн удирдагч Уильям Харриман “ЗХУ-д өгөөд бай, өгөөд бай. Буцааж авах, оронд нь авах талаар юу ч бодож саналгүй өгөөд бай” гэж төрийн байр суурийг илэрхийлсэн нь буцалтгүй тусламжийн шинжийг агуулжээ.
ЗХУ зөвхөн АНУ-аас 11 тэрбум долларын тусламж авсан нь 2008 оны ханшаар 138 тэрбум 250 сая доллар юм (ЗХУ АНУ-д дөнгөж 2,2 сая долларын хариу ленд-лиз үзүүлжээ).
22 195 зөвлөлтийнхөөс илүү техникийн үзүүлэлттэй онгоц, 11 мянга гаруй танк, 44 000 жип… Шатахууныг нь ч нийлүүлсэн. Бүх зүйлийг нийлүүлж байв.
Жуков: “Америкийн тусламжгүйгээр бид дайныг үргэлжлүүлэх боломжгүй болсон байсан. 350 мянган дээд зэргийн машин бид авсаан! Бидэнд тэсрэх бодос, дарь байсангүй. Винтовны сум хийх аргагүй болчихоод байв. Дарь, тэсрэх бодсоор америкчууд хангасан нь жинхэнэ тус байлаа даа. Хичнээн ч ган хавтан бидэнд нийлүүлэв. Америкийн ган байгаагүй бол бид танкны үйлдвэрлэлийг хурдан зохион байгуулж чадахгүй байлаа” гэж Хрущёвт хэлж байв.
Танк үйлдвэрлэхэд хэрэгтэй суурь машинууд, хуягийг ч ихээр нийлүүлжээ. АНУ-ын тусламжгүйгээр Т-34-ийг үйлдвэрлэх ямар ч боломжгүй байлаа. Ленд-лиз эхлэхэд ЗХУ-д танкны цамхгийн суурийг хийхэд хэрэглэж болох 2-хон суурь машин байжээ. Америкийн ачааны тэргээр их буугаа зөөж, “Катюша”-г америкийн “Студебеккер” дээр суурилуулжээ.
1942 оны 1-р сард ЗХУ-ын аж үйлдвэр 50% буурсан байв. Дайны үед ЗХУ 263 000 тонн хөнгөн цагаан үйлдвэрлэсэн бол, холбоотнуудаас 328 000 тонныг авчээ. Онгоцныхоо талаас илүүг америк, канад хөнгөн цагаанаар үйлдвэрлэсэн.
Зөвлөлтийн флотод 500 усан онгоц нийлүүлсэн. Үүн дотор 28 фрегат, 89 мийнэ устгагч, 78 шумбах онгоц сөнөөгч, 60 эргүүлийн катер, 166 торпедийн катер, 43 десантын хөлөг онгоц.
Холбоотнууд ЗХУ дайны үед үйлдвэрлэснээс 1,5 дахин их автомашин (ачааны голдуу 409 500) нийлүүлсэн, 1900 уурын (ЗХУ 446-г үйлдвэрлэсэн) , 66 дизелийн зүтгүүр, 622 000 тн рельс өгсөн. ЗХУ үйлдвэрлэснээс 11 дахин олон вагон өгсөн. 1 сая миль холбооны кабель.
Холбоотны хүчээр ЗХУ аж үйлдвэрээ 2 дахин өсгөсөн буюу дайны өмнөх хэмжээндээ очсон.
Америкийн жигнэсэн мах бум буман хүний амь насыг өлсгөлөнгөөс аварсан. 4,5 сая тонн хүнс илгээсэн. Холбоотнуудын явуулсан махан консерв ЗХУ-ын үйлдвэрлэсний 108% (664 600 т), элсэн чихэр — 42% (610 000 т)-тай тэнцжээ.
Ленд-лизийн барааг хүргэж өгөх нь баатарлиг үйлс байлаа. Энэ бүхнийг ЗХУ бараг үнэгүй авсан. АНУ хэдэн удаа хойд хөршийн ленд-лизийн өрийг хөнгөлсөн. 2006 онд тэглэсэн. ЗХУ-ОХУ АНУ-д 722 сая $ л төлсөн. Энэ нь ленд-лизээр авсан зүйлсийн тэр үеийн үнийн цифрийн 7-хон хувь юм. Тэр үеийн долларын ханш одоогоос 11 дахин их байлаа. Тэгэхээр ЗХУ үнэхээр л АНУ Японы галыг өөр дээрээ дуудсан, асар их тусламж илгээсний хүчээр аврагдсан байгаа юм.
Гэхдээ өдий хүртэл АНУ бидэнд юу ч өгөөгүй, өгсөн бол хэдэн эвдэрхий юм л өгсөн, биднийг шулан мөлжсөн гэж тархи угаасаар, АНУ-ыг үзэн ядан дайсагнасаар ирсэн. БНХАУ бас тэгсэн юм. ЗХУ-ын ачаар дайснаа дарж, үйлдвэр аж ахуйгаа сэргээж хөгжүүлж, хүн ардаа сургаж соёлжуулж, батлан хамгаалахаа хүчирхэгжүүлж, атомын бөмбөгтэй хүртэл болж авчихаад ЗХУ бидэнд юу ч өгөөгүй, өгсөн бол хэдэн эвдэрхий юм л өгсөн, биднийг шулан мөлжсөн гэж тархи угаасаар, ЗХУ-ыг үзэн ядан дайсагнасаар ирсэн. Яагаад тэр вэ? Коммунистууд гэж ийм байдаг юм аа.
Хийрхэлт хэт даврагч үзэлтэй, маш харгис хэрцгий, алж хядагч, террорч, геноцидэч, энэ бүхнээ даян дэлхийд түгээхийг зоригч, ISIS шиг дэглэмд АНУ яагаад тусалсан юм бэ? Рейх ЗХУ хоёр байлдаад хоёулаа сөнөнө л биз. Яагаад гэвэл АНУ, түүний холбоотнууд ЗХУ-ын хүн ардыг хайрласан юм.
Большевикууд төрийн эрхийг аваад хэдхэн жилд, их хэмжээгээр хүнс экспортолдог Орос улсыг их өлсгөлөнд автуулчихсан, капитализм хөгжиж байсан улсыг чулуун зэвсгийн үед аваачсан байлаа. 1920-иод онд АНУ ЗХУ-ыг өлсгөлөнгөөс аварсан, үйлдвэр аж ахуйгаа сэргээж хөгжүүлэхэд нь их тусалсан. Дэлхийн дайны үед Гитлерээс аварсан. Өөрчлөн байгуулалтын дараа хагас өлсгөлөн, үгээгүй гуйлгачин байдалд ороход нь бас хүнсний тусламж үзүүлж, үйлдвэр аж ахуйгаа сэргээж хөгжүүлэхэд нь их тусалсан.
Яагаад гэвэл АНУ, түүний холбоотнууд гэх улсууд бол эрүүл, хөгжингүй нийгэм, хүнлиг энэрэнгүй жинхэнэ хүмүүс юм. Дэлхийн муу муухай, буг чөтгөр нь коммунизм, түүний үлдэгдлүүд юм.
Сэтгүүлч Ч.Мөнхбаяр