“Дэлхийн боловсролын чиг хандлагад Монголын боловсролын тогтолцоог нийцүүлэх, улмаар дэлхийн Монгол иргэнийг төлөвшүүлэх зорилгоор 2010 онд Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх Монголын анхны төрийн өмчийн лаборатори сургууль болох ШИНЭ ЭРИН сургууль, 2011 онд ШИНЭ ЭХЛЭЛ, МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ сургуулиуд байгуулагдаж өнөөдөр хэдийнээ хүүхэд бүрийн элсэн орох хүсэлтэй, чансаагаараа улсдаа тэргүүлсэн нэр хүндтэй сургуулиуд болон хөгжжээ.
Тэгвэл тун удахгүй Монгол улсын зүүн бүсэд Хэнтий аймгийн Бэрх хотод Олон Улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн 4 дэх сургууль болох БЭРХ сургууль байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Монгол улсын ирээдүй болсон үр хүүхдүүд маань хаана амьдарч байгаагаас үл хамааран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн боловсролыг үндэсний хөтөлбөртэйгээ хослуулан эзэмших болж байгаад бид баяртай байна.” гэж Бэрх Олон Улсын Сургууль мэдээллээ.








